Сумын танилцуулга

Сумын танилцуулга

158
0
SHARE

Батсүмбэрийн түүх

Манай эрний 1-р зуунд Монгол нутагт амьдарч байсан Хүннү нарын булш, тэдний эдлэж хэрэглэж байсан хивс, шаазан, ваар сав зэрэг архелогийн үнэт олдвор Ноён уулнаас олдож түүхийн үзмэр болсноос харахад эрт үеийн овог аймгийн хүмүүсийн амьдрал соёл иргэншлийн түүхт нутгийн нэг нь Батсүмбэр юм.

Одоогоос 240-270 гаруй жилийн тэртээгээс Батсүмбэр нутагт Монголын нийслэл Их хүрээ нүүдэллэн хэдэнтээ суурьшиж байжээ. Их Хүрээ 1729 онд Бургалтайд, 1732 онд Сөгнөгөрт, 1736 онд Хүй Мандалд, 1740 онд Хунцалд, 1742 онд Үдлэгт, 1772 онд Хүй Мандалд нүүдэллэн суурьшиж 1778 онд сүүлийн удаа нүүж Туул голын сав нутагт одоогийн байгаа газартаа байнга суурьшжээ. Ийнхүү Их Хүрээ Хүйн голын сав нутагт 6 удаа нүүж барагцаалбал 50 шахам жил энэ нутагт нүүдэллэн суурьшиж байжээ.

Монголын өнөөгийн нийслэл Их Хүрээ 1729 – 1778 онуудад энд төвлөрч ирсэн түүхтэй холбогдон нэршсэн уул, ус, овоо олон байдаг.

Хүйн голын савд байрлах Бурхны бумба хэлбэртэй өөгүй бөмбөгөр намхан уулыг Мандал гэж нэршсэн бөгөөд энэ ууланд мандал өргөх шашин номын ёслол үйлддэг байснаар Мандал нэр хайрлагджээ. Мөн Их Хүрээний гол суваргыг босгосон толгойг Суварга толгой, Хүрээний дээдэс, аймаг, хошууны ноёд хатад магнаг, хамба торгон дээлээр гоёж хурдан морины уралдаан саатан сонирхдог байсан толгойг Магнаг толгой гэж нэрлэсэн гэдэг. Мөн байгалийн төгс үзэсгэлэн бүрдсэн Сөгнөгөрт будаалга найрын ёслол, цэнгээ болж айраг, идээ, шүүс амттаныг сөгнөдөг байснаас Сөгнөгөрийн ам, Үдлэгийн аманд ихэс ноёдыг үдлүүлж, үдэж мордуулдаг байснаас Удлэгийн ам гэж нэршсэн. Сөгнөгөр, Үдлэгийн голын нэр мөн л энэ түүхтэй холбоотойгоор нэрлэгдсэн.

Хүйн голын сав нутаг иь манай улсын зэргэлдээ орших Орос, Хятад улстай хийх худалдаа, бараа солилцооны гол чиглэл “Чуулалт хаалга- хүрээ хиагтын ” төв замын дагуу байрлалтай байсан нь аль ч үед худалдаачид наймаачдын дайран өнгөрөх чухал газар учраас Их Хүрээ хэд дахин эргэн нүүдэллэж энд байршиж байсны нэг гол учир гэх үндэстэй юм

NO COMMENTS

LEAVE A REPLY